2015-09-14   12:20:38   299   0
  Малчин түмэндээ илгээх зөвлөмж
Эх нутагтаа зуун зуунаар өвлөгдсөн буянт мал сүргээ өсгөн үржүүлж улс орныхоо эдийн засаг нүүдлийн соёл иргэншлийн тулгын чулууг тавьж гал голомтоо бадрааж яваа та бүхний амар амгаланг айлтгая.
Төр засгаас сүүлийн жилүүдэд малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, төв тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, малчин, малчин өрхийг хөгжүүлэх, мал аж ахуйг эрсдэл багатай, баталгаатай хөгжүүлэхэд болон МАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг, дээшлүүлэхэд чиглэгдсэн “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын томоохон баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлээд багагүй жил өнгөрч байна. Эдгээр бодлогын хүрээнд малчин та бүхэнд арьс шир, ноосны урамшууллыг жил бүр олгож байгаа билээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган зуд, ойр ойрхон тохиолдож манай улсын эдийн засаг, нийгэмд ихээхэн хохирол учруулж байна. Манай орны бэлчээрийн мал аж ахуй байгалийн аюулт үзэгдэлд нэрвэгдэхгүй, өвөлжиж , хаваржихад хүндрэл гарахгүй гэх баталгаа алга.
Энэ жил манай аймгийн ихэнхи нутгаар гандуу өвс хадлан хомс байгаа. Ялангуяа энэ жилийн хувьд олон жилийн давтамжтай бичин жил цаг агаарын уур амьсгал хүндэрч болзошгүй учраас байгалийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх, хохиролгүй даван гарахын тулд дараах зөвлөмжийг малчин та бүхэнд хүргүүлж байна.
1. Айл өрх бүр малдаа хүрэлцээтэй хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх.
2. Хашаа саравчаа сайн дулаалж засаж янзлах.
3. Отор нүүдэл хийж малаа сайн тарга хүч авахуулах.
4. Малчид өөрсдөө дулаан хувцас, хүнсний зүйлээ сайн базааж авах.
5. Өөрсдөө эрүүл мэнддээ анхаарч эмийн нөөцтэй байх.
6. Малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ тарилга, туулгалт, угаалга боловсруулалтанд бүрэн хамруулах.
7. Малаа өвчилсөн тохиолдолд мал эмнэлгийн дуудлага өгч малын эмч нартайгаа холбоотой байх.
8. Малын хашаа хороонд ариутгал, халдваргүйтгэлийг чанартай хийлгэх.
9. Тодорхой тооны малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж бэлчээрийн хүртээмжийг нэмэгдүүлэх.
10. Залуу малчид хашир туршлагатай ахмад малчдаасаа мал маллагааны арга, туршлага, зөвлөгөө, сургамж авах.
11. Бог малын хээлтүүлгийн бэлтгэл зохион байгуулалтын ажлыг орон нутгийнхаа онцлогт тохируулах.
12. Тарга хүч муутай болон өсвөр насны хээлтэгчийг хээлтүүлгэнд оруулахгүй байх.
13. Адуугаа нэгдсэн журмаар оторт гаргаж бэлчээрээ хамгаалах.
14. “Дундуур идэшнээс дулаан хэвтэр дээр” гэдэг уламжлалт мал маллагааны ардын зүйр үгийг санаж өтөг бууцыг хүрэлцээтэй хэмжээгээр нөөцөлж авах.

Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлж ажилласнаар малчин түмэн та бүхэн өвлийг хохирол багатай өнтэй давах бүрэн боломж байгаа гэдэгт итгэж байна.

Малчин түмний малын буян хишиг
Арвижин дэлгэрэх болтугай.


ХХААГазрын дарга Ж.Александр
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...