2015-06-26   10:07:31   406   0
  Мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлнэ
Увс аймагт зохион байгуулагдаж байгаа баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганаар үндсэн таван асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Түүний нэг нь Баруун бүс нутгийн хөдөө аж ахуйг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцсэн юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 илүү хувийг бүтээж байгаа хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд мал аж ахуй газар тариаланг хослуулах нь чухал гэдэг дээр оролцогчид санал нэгтэй байлаа.

Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганы Хөдөө аж ахуйн хэлэлцүүлэг Мах хэрхэн тарих вэ гэсэн сэдвийн хүрээнд явагдсан. Хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд мал аж ахуй, газар тариаланг хослуулах нь зүйтэй. Үүний тулд одоогоор ашиглахгүй байгаа 100 гаруй мянган га тариалангийн талбайгаа эргэлтэд оруулж малын тэжээл тариалж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй хэмээн оролцогчид онцолж байлаа. Баруун таван аймгийн хувьд 10 сая орчим малтай. Үүнээсээ дотоодын хэрэгцээгээ хангаад нэг сая орчмыг экспортод гаргах боломжтой гэсэн судалгаа байна.

Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн малчин Зугдар. Тэрээр малаа тэжээж, ашиг шимийг арвин авдаг туршлагаа хөрөнгө оруулалтын чуулганд оролцогчдод хуваалцлаа. Малчин Зугдар уламжлалт бэлчээрийн аргаар малаа адгуулахаас гадна тодорхой хугацаанд нэмэлт тэжээл өгч сүү, махны гарцыг нэмэгдүүлдэг шинэ үеийн малчдын нэг. 12 сар гэхэд үнээгээ тугаллуулж, сүү үнэтэй байх хугацаанд сүүгээ борлуулж ашиг олдог. Түүнчлэн зах зээлд борлуулах малаа урьдаас бордож тарга тэвээргийг нь улам нэмэгдүүлээд амьдын жинг нь өсгөн зардаг байна

Монгол Улсын хэмжээнд малын мах экспортлох эрхтэй цөөн хэдэн компанийн хоёр нь Увсад үйл ажиллагаа явуулдаг. Тус компаниуд орон нутгийнхаа болон зэргэлдээ аймгуудаас мал худалдан авдаг байна. Цаашдаа гадаад харилцаагаа өргөжүүлж улс дамнан мах экспортлох болсон учраас махны эрэлт ихсэнэ. Гэхдээ чанартай, эрүүл, шаардлага хангасан байхын тулд хаана ямар тэжээлээр бордож тэжээсэн нь тодорхой малын мах илүү үнэ хүрдэг гэдгийг онцолж байлаа.
Увс аймгийн тухайд эдийн засгаа нэг их наядад хүргэхэд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар голлох үүрэг гүйцэтгэнэ. Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр Увс аймаг 2,5 сая мал тоолуулсан бол энэ хавар нэг сая орчим төл боожуулсан дүн мэдээтэй байна. Ингэснээр бэлчээрийн даац хэтэрч, эргээд мал ахуйн салбар эрсдэл орох нөхцөл үүсч болзошгүй юм. Иймээс "Мах тарья" хөтөлбөрийн хүрээнд Увс аймаг дангаараа нэг сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого барьж байгаа ажээ. Хэрвээ ингэж чадвал зөвхөн мал аж ахуйн салбараас 100 тэрбум төгрөг олох боломжтой юм байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...