2015-05-12   10:41:48   379   0
  МАХНЫ ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛ, ХЯТАДЫН МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА.
БНХАУ-ын даргын өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр голчлон яригдсан асуудал болох Монголын үхэр, хонины махыг Хятадад экспортлох ажлыг урагшлуулах зорилгоор өнгөрсөн оны 11 дүгээр сард Бээжин хотноо болсон яам хоорондын Ажлын хэсгийн хурлаар хоёр тал хил дамнасан малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, шүлхий өвчний тайван бүс бий болгох, улмаар уг бүсээс БНХАУ-д мах экспортлох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.



Энэхүү тохиролцоог ахиулан хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг БНХАУ-д ажилласан бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд манай газраас Ерөнхий эпидемиологич П. Болортуяа оролцлоо.

Ажлын айлчлалын хүрээнд дэд сайд Б. Батзориг тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Бүх Хятадын Малын ерөнхий эмч, Дэлхийн Мал амьтны эрүүл мэндийн байгууллагын БНХАУ-дахь төлөөлөгч Доктор Жан Жунцютай уулзан мал эрүүлжүүлэх Монгол, Хятадын хамтарсан хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх, Зүүн өмнөд Азид шүлхий өвчинтэй тэмцэх төсөлд нэгдэн орох, малын халдварт өвчний оношлогоо, судалгааны чиглэлээр Монголын мэргэжилтнүүдийг Хятадын мэргэжлийн лаборатори, хүрээлэнд дадлагажуулан сургах зэрэг асуудлын хүрээнд санал солилцлоо.

Хятадын талаас Монголын мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход тулгамддаг шүлхий зэрэг хил дамжин халдварладаг өвчинтэй хамтран тэмцэх, ялангуяа мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хамтран боловсруулахад дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн Монгол, Хятадын мал эмнэлгийн алба, Малын ерөнхий эмч нарын уулзалтын сүүлийн үед тогтмол зохион байгуулж ирсэн нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэдэгтэй Талууд санал нэгдэн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...