2017-05-31   09:54:10   75   0
  Тэс омгийн адуу
Тэсийн гол нь Булнайн нуруунаас эх авч 500 гаруй км урсаж Увс нуурт цутгадаг бөгөөд Увс, Завхан, Хөвсгөл аймгийн хээр, говь хосолсон нутагт Тэс омгийн адуу үржүүлдэг. Адуу судлаачдын судалгаагаар Тэс, Зүүнговь сумуудад үржүүлж байгаа адуун дотор аж ахуйн ашигтай шинж чанараараа ялгаатай хэд хэдэн удам байгааг тодорхойлсон. Үүнд Тэс сумын адуун сүрэгт Хүрэн адуутынханы, Ванжилын, Гомбын, Өнөрийн, Мятавын зэрэг 6 удам 60 гаруй бүл, Зүүнговь сумын Б.Ноостын судалгаагаар 4 удам 8 бүл адуу байгааг тодорхойлсон юм. 1993 онд ХАА-н ухааны дэд доктор, адуу судлаач Биньеэ, Тэс, Зүүнговь сумдын адуун сүрэгт судалгаа шинжилгээний ажил явуулж адууны галбир, бие цогцос удамших чадвар зэрэг шинж чанарыг нь тодорхойлсон Тэс хэвшлээр сайжирсан буюу Монгол адуутай харьцуулан цаашид Тэс адууг өсгөн үржүүлэх, ашигт шимт чанарыг батжуулан сайжруулах, үржил селекцийн ажлын үндсийг боловсруулсан. Д.Мянганцэвээн уг адууны хурд, өсөлт, хөгжилт, туулах чадвар, алдсан жингээ нөхөх хугацаа экологийн янз бүрийн нөхцөлд жилийн турш бэлчээрээр маллахад зохицсон байдал зэргийг судлан тогтоосон. 1987 онд Лениний зам нэгдлийн бүх адуунд ангилалт хийж 900 адуу 143 азарга шилэн сонгож адуучин Б.Намчинд 7 азарга, 72 гүү нийт 199 адууг сумын цөм сүргээр сонгож суурь зохион байгуулж эхэлснээр Тэс омгийн адууны эх үүсвэр тавигдсан гэж үздэг. 1985-1987 онд Тэс, Зүүнговь сумын адуунд ангилалт шилэн сонголтын ажлыг эрчимтэй явуулж махлаг, сүүлэг хурдны шинж чанарыг харгалзан үржүүлэх ажлыг ШУ-ны үндэстэй шинжилгээ судалгаа хийж эхэлснээр Тэс адууны цөм сүрэг бий болж Хүнс ХАА-н яамны сайдын 1990 оны 8-р сарын 13-ны А/69 тоот тушаалаар Тэс омог болгон баталж Монгол улсын хэмжээнд үндсэн сайжруулагчаар ашиглах шийдвэр гарсан.
Тэс адуу чийрэг бие цогцостой, толгой том, ясархаг, соёо нь үүдэн шүднээс хойшоо, уруул зузаан, хамрын нүх том, эрүүн доорхи түүшингийн зай өргөн, гүн, тунгалаг нүдтэй, харц нь дөлгөөн боловч сэргэлэн, алсын хараатай, босоо өндөр сэрвээтэй, нуруу тэгш, ялимгүй бөгтрөгтэй, дэл өргөн боловч үс ширүүн, сүүл харьцангуй шингэн, арьс уян илбэг, арьсандаа 56-70 эргүүлэгтэй цээж гүн, хавирганы матаас ихтэй тул хэвлий сайтай энэ шинж чанараараа тэжээл боловсруулах эрхтний хөгжил илүү байдаг онцлогтой.
СЭДЭВ : МЭДЭЭ
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...