2017-05-31   09:50:05   85   0
  Өлгийн улаан омгийн ямаа
Энэ ямааг голлон үржүүлж буй Увс аймгийн Өлгий сум Алтайн болон Хан-Хөхийн нуруудын хоорондох бэсрэг уулс, дов толгод бүхий Их нууруудын хотгорт оршиж, говийн бүсэд хамаардаг.
Өлгий сумын малчид ямааныхаа зүсийг улаан болгох гэсэн ганцхан зорилгод бус түүний гадаад орчиндоо дасан зохицож, жилийн турш бэлчээр ашиглан, зун намрын богино хугацаанд дээд зэргийн тарга хүч авч цагийн хатууг давж, онд орох чадвартай болгоход үржлийн ажлыг чиглүүлж иржээ.
Тус суманд ажиллаж байсан мал зүйч, мэргэжилтэн нар 1965 онд нийт сүрэгт, цаашдаа жил бүр сүрэг сэлбэх өсвөр ямаанд ангилалт хийж тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан ямаагаар сүрэг сэлбэх болсноор үржлийн шилмэл суурь, хэсгийн эхийг тавьжээ. 1984 оноос эхлэн үржлийн сүргийн аж ахуй биологийн онцлог, галбир, бие цогцос, ашиг шим, нөхөн үржилтийн талаар тусгайлан судалгаа явуулсны дүнд үндсэн үзүүлэлтүүдийг гаргаж үржлийн ажилд ашиглах болов.
Энэ ямааны аж ахуй, биологийн шинж чанарыг Б.Төмөрхуяг (1989-1991), Ц.Даваасүрэн (1991), Ё.Загдсүрэн, Б.Мандах (1992), Н.Надмид (1993) нар судалжээ.
Уул ямаан сүрэгт явуулсан үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажлыг нэгтгэн дүгнэж омгийн тодорхойлолт бичиж, батлуулах ажлыг Ё.Загдсүрэн, Б.Мандах нар 1996 онд гүйцэтгэв.
Тохиромжтой хэвшлийн ямаа чийрэг бие цогцостой, галбирын согоггүй бие томтой, биеийн хэсгүүд тэнцүү хөгжсөн, хөлний гишгэлт тавилт зөв, эвэр, туруу сайн хөгжсөн, ихэвчлэн улаан зүстэй, цагаан цайвар ноолууртай байна.
Б.Бал (1989), Б.Төмөрхуяг (1991), Увс аймгийн ҮСС-ын мэргэжилтнүүд (1995) өлгийн ямааны биеийн үндсэн хэмжээг тодорхойлсон дүнгээс үзэхэд нас гүйцсэн ухны сэрвээний өндөр 65,0-67,5 см, хондлойн өндөр 67,0-68,0 см, биеийн ташуу урт 71,0 см, цээжний бүслүүр 85,0-92,5 см, шилбэний бүслүүр 9,0-10,5 см, эм ямааны сэрвээний өндөр 60,0-62,0 см, хондлойн өндөр 61,0-62,5 см, биеийн ташуу урт 65,0 см, цээжний бүслүүр 81,0 см, шилбэний бүслүүр 8,0 см, Б.Төмөрхуягийн тодорхойлсноор эм ямааны чацархагийн заалт 54,0%, сунацынх 108,9%, ясархагийнх 13,2%, лагс чамбайнх 114,7%, цээжнийнх 55,8% байна.
Өлгийн улаан омгийн ямаа
Ямааны амьдын жин тухайн жилийн цаг агаар, маллагааны нөхцөлөөс хамаарч хэлбэлзэнэ. Хавар: бүдүүн ухна дунджаар 47,0 кг, борлон ухна 25,0 кг, бүдүүн эм ямаа 30,0 кг, охин борлон 22,0 кг, намар: нас гүйцсэн ухна 56,0 кг, шүдлэн ухна 38,0 кг, бүдүүн эм ямаа 45,0 кг, охин шүдлэн 34,0 кг жин татах ба зарим шилмэл ухна намар 80,0 кг, эм ямаа 58,0 кг, шүдлэн ухна 38,0 кг, охин шүдлэн 37,0 кг хүрдэг.
Өлгий улаан ямааны бэлчээрээр таргалах чадварыг судалсан дүнгээс үзэхэд бүдүүн ухны намрын амьдын жин хаврынхаас 14,2 кг (29,0%), шүдлэн ухных 13,5 кг (59,4%), эм ямааных 13,5 кг (43,9%), охин шүдлэнгийнх 13,7 кг (61,7%), эр шүдлэнгийнх 13,3 кг (61,8%), сэрхнийх 15,4 кг (39,8%) нэмэгджээ (Б.Бал, 1991).
Эхээс төрөхдөө эр ишиг 2,87, охин ишиг 2,65 кг жинтэй, 6 сартайдаа дээрх дарааллаар 20,27; 20,0 кг-д хүрнэ. Цаашид орчны тааламжгүй нөхцөлөөс шалтгаалан жингээ алдана (Төмөрхуяг, 1991).
Өлгийн улаан ямааны ноолуурын гарц тодорхойлсон дүнг дараах хүснэгтэд харуулав (Ё.Загдсүрэн, Б.Мандах 1993).

Өлгийн улаан ямааны ноолуурын гарц, г

Нас, хүйс Үзүүлэлт М± m σ Сv,% Lim
Бүдүүн ухна 348,0±12,4 75,5 23,3 220-560
Борлон ухна 236,0±7,9 53,1 22,0 180-420
Эм ямаа 310,9±9,6 65,1 21,5 170-580
Охин борлон 254,0±3,95 35,0 20,7 180-350
Эр ямаа 382,0±21,3 95,5 27,5 160-610

Хүснэгтээс үзэхэд өлгийн улаан ямаа ноолуурын гарц сайтай, жирийн монгол ямаанаас 5,0-67,0 г буюу 1,3-23,8% давуу байна. Ноолуурын гарц хувьсал ихтэй (20,7-27,5%), цаашид энэ үзүүлэлтээр шилэлт явуулж сүргийн дунджийг нэмэгдүүлэх боломжтой.
Ц.Даваасүрэн (1991), Н.Надмид (1993) нар өлгийн эм ямааны ноолуурын голч 11,33-13,42 мкм, ухных 13,26-13,91 мкм, борлон ухных 12,63 мкм, охин борлонгийнх 12,27 мкм, жигдлэг чанар сайтай гэж тодорхойлжээ. Б.Мандах, Ё.Загдсүрэн нар уул ямааны ноолуурын голчийг нас хүйстэй холбон бусад нутгийн ямаатай харьцуулан судалсан дүнг 44-р хүснэгтэд харуулав. Энэ судалгаанаас үзэхэд ноолуурын голч ямааны нас дагаж бүдүүсэх хандлагатай боловч сүргийн дунджаар 1-3 насны ухна, эм ямааны ноолуур 14,2-14,6 мкм-т хэлбэлзэж байна. Нутгийн эм ямааны ноолуурын голчийн бүдүүсэлт баяндэлгэр, өлгий, төмөрбулаг, дөргөн гэсэн дараалалтай, ухны ноолуур нас дагаж бүдүүсэх нь эм ямааныхаас харьцангуй бага байна.
Өлгийн улаан ямааны ноолуурын ердийн урт 6,0-7,0 см (Б.Мандах, 1995), жинхэнэ урт ухны далны ард 7,48 см, гуянд 7,04 см , эм ямааны биеийн хажууд 6,16 см, гуянд 5,54 см (Н.Надмид, 1993) байна. Өлгийн ямааны ноолуурын голч, урт, өнгө үйлдвэрийн технологийн шаардлагад нэн тохиромжтой.
Нийт үсэн дэх ноолуурын хэмжээ нэлээд хэлбэлзэлтэй тухайлбал, 27,4-57,4% (Мандах, 1995), далны ард 55,0-65,0%, гуянд 30,0-45,0% (Бал, 1991) гэж тодорхойлжээ. Н.Надмидын (1993) судалгаагаар нийт үсэн дэх ноолуурын хэмжээ (жингийн харьцаагаар) бүдүүн ухны далны ард 37,21% , гуянд 28,75%, бүдүүн эм ямааны далны ард 40,75%, гуянд 32,10% байв.
УСТ (20011)-д зааснаар ноолуурын гарц: бүдүүн ухных 360 г, борлон ухных 260 г, эм ямааных 350 г, охин борлонгийнх 260 г, дээрх нас, хүйсний ямааны ноолуурын голч 13-16 мкм, урт 4,0-7,0 см байна.
СЭДЭВ : МЭДЭЭ
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...