2015-03-01   16:56:27   636   0
  “СҮҮТЭЙ МОНГОЛ” ҮНДЭСНИЙ АЯН
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Сүүтэй монгол” үндэсний аяны танилцуулга
Аяны зорилго нь эх орондоо бэлтгэсэн сүүгээр олон төрлийн амтат бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэгчдэд өдөр тутам хоол хүнсэндээ үндэсний үйлдвэрийнхээ шинэлэг сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшүүлснээр эрүүл, саруул амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм.


Монголчуудын өнө эртнээс хэрэглэж ирсэн уламжлалт хоол хүнсний салшгүй нэг хэсэг нь сүү, цагаан идээ билээ. Сүү, цагаан идээ нь хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай шим тэжээлт бодис болох уураг, үл орлогдох амин хүчил, нүүрс ус, тос болон аминдэм, эрдэс бодисыг хамгийн зохистой харьцаагаар агуулдаг онцлогтой бүтээгдэхүүн юм.

Монгол Улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ 2014 оны байдлаар 452,6 сая литр байгаагаас үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж 17,5% байна. Гэвч орон нутагт уламжлалт аргаар үйлдвэрлэсэн сүү цагаан идээний үйлдвэрлэлд 68,8 сая литр сүү, цөцгийн тосны үйлдвэрлэлд 31,2 сая литр сүү ашигласнаас гадна 260 орчим сая литр сүү ямар нэгэн бүртгэл тооцоогүй зах зээлд нийлүүлэгдэж байна.

Эрүүл мэндийн сайдын 2008 оны 257 тоот тушаалаар баталсан “Жишсэн дундаж хүний илчлэгийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ”-нд заасны дагуу жишсэн дундаж нэг хүний хоногт хэрэглэх сүү (175 гр/хоног), сүүн бүтээгдэхүүн (248 гр/хоног)-ий хэмжээг үндэслэн тооцоход 2015 онд Монгол Улсын нийт хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ шингэн сүүнд шилжүүлснээр 459,8 сая литр байна.

Цаашид сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл түүнийг дэмжсэн малчид, фермерийн аж ахуй эрхлэгчдийн зах зээлийн эргэлт, нийлүүлэлтийг дэмжиж, нийт Монголчууддаа экологийн цэвэр, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага гарч байна.

Иймд Монголын Хүнсчдийн Холбоо болон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санаачлагаар холбогдох яам, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл доор “Сүүтэй Монгол” Үндэсний аяныг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаатай зохион байгуулж байна.

Бидний энэхүү хамтын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч сайшаан билэгшээж, эх орныхоо 21 аймагт амьдарч буй нийт Монголчууддаа “Сүүтэй Монгол” Үндэсний аянд нэгдэхийг уриалга болгож буй юм.

Энэхүү нийгмийн сайн сайхны төлөөх “Сүүтэй Монгол” Үндэсний аяны үйл ажиллагааны нээлтийг Хөхөгчин Хонь жилийн сар шиний баярыг угтуулан 2015 оны 2 сарын 16-ны билэгт сайн өдөр эхлүүлэх гэж байна.

Зохион байгуулагчид: МУ-ын ЕТГ, ХХААЯ, ЭМСЯ, БСШУЯ, ШӨХТГ, НЗДТГ, НМХГ, НЭМҮТ, МХХ, СҮТХЗ, НҮБ-ын Нэмүү өртгийн сүлжээ төсөл, Глобал Коммунитис ОУБ, EMIRGE хөтөлбөр, НХЭАШН, Сүүний нэгдсэн холбоо, Сүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд

Аян зохион байгуулах газар: УБ хот, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Архангай, Хэнтий, Хөвсгөл, Булган аймгууд


“СҮҮТЭЙ МОНГОЛ” ҮНДЭСНИЙ АЯНЫ УРИАЛГА

Монголчууд бид Билгийн тооллын XVII жарны Хөхөгчин хонин жилээ угтан золгох гэж байна. Өнө эртний уламжлалт их баяр-Цагаан сараар ахмад настан, өтгөс буурлуудаа хүндэтгэн, ёс жудгаа дээдэлж, настан буурлууддаа буянт малынхаа арвин цагаан сүү, сүүн бүтээгдэхүүнээ өргөн золгож, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ дэмжицгээе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор “Сүүтэй Монгол” Үндэсний аянг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаатай зохион байгуулж байна.

Бидний энэхүү хамтын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч сайшаан билэгшээж, эх орныхоо 21 аймагт амьдарч буй нийт Монголчуудаа “Сүүтэй Монгол” Үндэсний аянд нэгдэхийг уриалж байна.

Өвгөд буурлуудын маань
Өтгөн аагтай цайгаа сүлдэг
Үр хүүхдийн маань
Үс шүдийг тэтгэдэг
Өргөн түмний маань
Өдөр тутмын ундаа
Сүүн цацлаар хур оруулж
“Сүүтэй Монгол” Үндэсний аяндаа нэгдэцгээе.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...