2017-01-09   15:46:15   217   0
  Мал аж ахуйн өвөлжилтийн талаар
Увс аймгийн мал, аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.
Нэг: Цаг үеийн нөхцөл байдал: Өнөөдрийн байдлаар манай аймгийн нийт нутгийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Манай аймгийн 18 сумдад 1-40 см цастай байна. Хамгийн их цастай газар Түргэн 40 см, Хяргас 32 см, Малчин 33 см, Баруунтуруун 21 см, Сагил 24 см, Давст 19 см, Улаангом сум 19 см цастай байна.
Онцгой байдлын ерөнхий газраас 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн гаргасан судалгаагаар Баруунтуруун, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өндөрхангай, Сагил, Түргэн, Тэс, Хяргас, Цагаанхайрхан, Улаангом зэрэг 13 сумдад өвөлжилт хүндэрсэн. Тариалан сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй, Бөхмөрөн, Завхан, Өлгий, Өмнөговь, Ховд, сумдад өвөлжилтийн нөхцөл байдал хэвийн байна. Ялангуяа уулархаг газар, гуу жалгандаа 40-80 см зузаан нягтарч хатуурсан бод, бог малын шилбэ халцрах, ялангуяа аргал, янгир зэрэг зэрлэг амьтад идэш тэжээл хомсдсоны улмаас уулнаас буух явдал ихээхэн гарч байна.
Аймгийн Ус, цаг орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2017 оны 1, 2, 3 дугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Энэ нь мал аж ахуйн салбарын өвөлжилт, цаашлаад хаваржилтийн нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна.
Тус аймгийн өвөлжилт хүндэрсэн 13 суманд 5984 малчин өрхийн 22047 хүн оршин сууж байна. Үүнээс жирэмсэн эх 343, 0-5 насны хүүхэд 2809, өндөр настан 1379, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 1327 байна. Хүндэрсэн сумдад 1754740 толгой бог мал, 221412 толгой бод мал, нийт 1976152 толгой мал өвөлжиж байна.
Отрын бүсэд 437 өрхийн 1624 иргэн байгаагаас жирэмсэн эх 33, 0-5 насны хүүхэд 363, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 41, өндөр настай 81 иргэн байна.
Өөрийн аймгийн бусад сумын нутагт 355 малчин өрхийн 222.0 мянган толгой мал, үүнээс бог 202.0 мянган толгой, бод 20.8 мянган толгой мал отроор өвөлжиж байна.
Завхан, ховд аймгийн нутагт 82 өрхийн 47.2 мянган толгой мал, үүнээс бод 2.4 мянга, бог 44.4 мянган толгой мал өвөлжиж байна.
Сумдаас 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр авсан мэдээллээр өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн, цас ихээр хатуурч, мал бэлчээрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Ялангуяа сумдад өвс, тэжээл, шатахуун, эм тарианы болон дулаан хувцасны нөөц ихээр хэрэгтэй байна. Зарим сумдад отор нүүдэл хийж айл өрх мал ихээр ирж байгаа тул бэлчээрийн даац хэтэрч байна гэсэн мэдээллийг өгч байна.
Өнөөдрийн байдлаар улсын болон орон нутгийн чанартай зам даваа хаагдсан талаар мэдээлэл байхгүй байна.
Хоёр: Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ: Өвөлжилтийн нөхцөл байдлыг даван туулахад Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос аймагт 100 сая төгрөг, Баруунтуруун сумын сум дундын Эрүүл мэндийн төвд яаралтай тусламжийн автомашин олгосон.
Аймгийн Засаг даргын 2016 оны А/759 дүгээр захирамжаар дээрх 100 сая төгрөгийн хуваарилалтыг баталж, 60 сая төгрөгөөр аймгийн аюулгүйн нөөцөнд тэжээл худалдан авах тендер зарлаж, үлдсэн 40 сая төгрөгийг цаг үеийн шинжтэй бусад асуудалд зарцуулж байна.
Аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөнд 381.4 тонн өвсийг бэлтгэсэн. Сумдын өвс, тэжээлийн аюулгүй нөөц хангалтгүй бэлтгэсэн дүнтэй байгаа. Аймгийн Онцгой комиссоос сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, сумдын Засаг дарга нарын нэгдсэн сургалтан дээр өвс тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэх талаар үүрэг өгсөн. Мөн сумын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.
Аймгийн өвс, тэжээлийн нөөцийн тухайд: 2016 онд аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөнд 100 сая төгрөгийн хөрөнгөөр 19070 боодол буюу 381.4 тонн өвсийг бэлтгэсэн.
Аюулгүйн нөөцөнд бэлтгэсэн өвснөөс орон нутгийн чанартай зам даваа хаагдах, цаг үеийн нөхцөл байдал хүндрэхээс өмнө Өндөрхангай суманд 3000 боодол, Малчин суманд 2000 боодол, Зүүнхангай суманд 1000 боодол, Хяргас суманд 2000 боодол, Сагил суманд 2000 боодол, нийт 10000 боодол буюу 200 тонн өвс байршуулаад байна.
Малчин, Хяргас, Тариалан сумдад зэрлэг амьтад идэш тэжээл хомсдсоны улмаас уулнаас буусантай холбогдуулан аймгийн нөөцөөс тус бүр 100 боодол буюу 300 боодол өвс олгож тараах ажлыг зохион байгуулаад байна.
Мал амьтны гоц халдварт өвчний тухайд: Он гарсаар Говь-Алтай, Ховд аймгийн зарим сумдад хээрийн амьтан бөхөн мялзан өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна.
Уг өвчин тархах магадлал өндөр байгаа тул өөрийн аймгийн нутаг дэвсгэрт отор нүүдэл хийх, мал амьтан худалдах, малын шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй байх, мөн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах, малчид, иргэдэд мэдээлэл хүргэх, хөдөлгөөнт эргүүл томилон дээрх өвчнөөс хамгаалах бүх талын арга хэмжээг одооноос эхлэн авч ажиллах талаар сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгөөд ажиллаж байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...