БЭЛЧЭЭР, УСАН ХАНГАМЖ
Бэлчээр ашиглалт
Манай аймаг газрын нэгдмэл сангийн ангиллаар нийт газар нутгийн хэмжээ 6958539 га, үүнээс хөдөө аж ахуйн зориулалтын газар 5258606,6 га буюу аймгийн газрын нэгдмэл сангийн ангиллын 75,5 хувийг эзлэж байгаагаас байгалийн бэлчээр 4741725,5 га буюу 90 хувийг , хадлан 16838,76 га буюу 0,32 хувийг, газар тариалангийн эргэлтийн талбай 46556,94 га буюу 0,89 хувийг тус тус эзэлж байна.
Манай аймгийн 19 сум жил бүр сумын бэлчээр ашиглатын менежментийн төлөвлөгөө гаргаж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийх, отор нүүдэл хийх, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх, сургалт сурталчилгаа хийх, орон нутгийн хадлан тэжээл бэлтгэх зэрэг шийдвэрлэх зорилтын хүрээнд бэлчээр ашиглалтын хувиар гаргаж зураг дээр тэмдэглэх, мал өвөлжилт хаваржилтын бэлчээрийг зөв зохистой ашиглахын тулд өвөлжөө хаваржааны нутгийг зохистой хугацаанд чөлөөлж хамгаалах, цаг агаарын тааламжгүй, эрсдэлтэй үед нэгдсэн зориулалтаар ашиглах нөөц бэлчээр тогтоож хамгаалах, малчдын саналыг үндэслэн доройтож, талхлагдаж буй бэлчээрийг газар дээр нь үзэж төлөв байдлыг тодорхойлох, мал аж ахуйн дэд бүтэц болон хашаа хороо сэлбэж засах, өтөг бууц, хужираа базаах, худаг усаа засаж сэлбэх ажлыг цаг тухайд нь малчдаар гүйцэтгүүлэх, багийн өвөлжөө хаваржааны бэлчээрийн даац тооцож баг сумын хэмжээнд нэгтгэх, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж байх, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд нийцүүлэн малчдыг алсын бэлчээрт оторт гаргах зохицуулалт хийх хадлангийн талбайг хамгаалалтанд авах, ган зуд болон цаг, хүндэрсэн үед улсын тусгай хамгаалалтай газар болон хилийн зурвас бүс нутагт отор нүүдэл хийж өвөлжих малчдын судалгааг гаргаж дээд газар танилцуулах зэрэг ажлууд жил бүр бэлчээр ашиглалтын менежементийн төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. 2014 онд Бөхмөрөн сумын Хотгорын уурхай 2,7 га, сонгон шалгаруулалтаар Тариалан 8,0 га Өмнөговь 15,3 га, хар замын дагуух карьерын 245,51 га нийт 276,51 га бэлчээрт нөхөн сэргээлт хийсэн байна.

Бэлчээрийн ургамал хамгаалал
Бэлчээрийн ургамал хамгаалах чиглэлээр бэлчээрийн хөнөөлт царцаатай тэмцэх ажлыг сүүлийн 7 жил бүгд 17 сумын 140,0 мянган га-д, бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготонтой 4 сумын 65,0 мянган га бэлчээрт тус тус тэмцэх ажлыг хийж ирсэн. Бэлчээрийг хашиж хамгаалах, отор нүүдэл хийх, нөхөн сэргээх, бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэж байгаа нь төдий хэмжээний га бэлчээр сэргээгдэж ашиглах боломж нөхцөл бүрдэж байна.

Усан хангамж
Увс аймагт 1966 оноос Усны аж ахуйн контор нэртэйгээр анх байгуулагдаж тэр цагаас өнөөг хүртэл бэлчээрийн мал аж ахуйн усан хангамж, усалгаатай газар тариаланг хөгжүүлж ирсэн. Хүнс хөдөө аж ахуйн сайд, аймгийн засаг дарга нарын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд жил бүр бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр сумдын бэлчээрт MNS6088-2010 стандартын дагуу худаг шинээр гаргаж, гадна барилга байгууламж барих ажилд тодорхой хөрөнгө тусгагдаж ирсэн. 1990-1999 онуудад бэлчээрт байсан инженерийн хийцтэй худгийн 70 гаруй хувь нь устаж, тоногдож аймгийн бэлчээрийн усан хангамж 30 хувьд буурч ирсэн. 2001 онд аймгийн ИТХ-ын 10-р тогтоолоор аймгийн “Ус” дэд хөтөлбөрийг батлуулж 2010 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн. 2008, 2011, 2013 онуудад бүгд 170 цэгт улсын төсвийн хөрөнгөөр гүний усны геофизикийн хайгуул хийлгэж, 1999-2008 онуудад Улсын төсөв болон гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд 230 гаруй инженерийн хийцтэй худаг уст цэгийг засварлаж, 2006 оноос өнөөг хүртэл нийт 240 гаруй худгийг шинээр гаргаж гадна барилга байгууламжийг барьж эзэмшигчдэд хүлээлгэн өгсөн байна. Нийт 809000 га бэлчээр усжуулагдаж аймгийн бэлчээрийн усан хангамж 79,3%-д хүрсэн байна.
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...